11/08/2026
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар өсөж 19.3 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.долларыг бүрдүүлж, худалдааны ашиг анх удаа 5 тэрбум ам.доллар давлаа.
Өсөлтийг зэсийн хүдэр, баяжмал болон нүүрс голлон дэмжиж, экспортын орлогын нийт 82.7 хувийг эзэлжээ. Харин боловсруулаагүй газрын тосны экспорт буурч, 1.95 сая баррелийг гаргасан байна.
Импортын хувьд өмнөх саруудын өсөлт харьцангуй саарахад өндөр дүнтэй бүтээгдэхүүн болох автомашин, түүний хослох бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан нь нөлөөлжээ. 52,225 суудлын автомашиныг 607.4 сая ам.доллараар импортолсон нь сүүлийн гурван жилийн ижил хугацааны хамгийн бага дүн болсон байна. Түүнчлэн ачааны 12,156 автомашин импортолсон нь мөн л сүүлийн гурван жилийн хамгийн бага дүн болжээ.
Хэдий тийм боловч дээрх хугацаанд автобензин, дизель түлшний импорт жилийн өмнөхөөс 10-14.8 хувь тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.